Friday, March 6, 2015

Хэн нэгнийг гарын үсгээр нь шинжихүй

-Гарын үсэг зурахдаа нэрээ бараг бүтнээр нь бичсэн байвал уг хүн аливаад яардаггүй онцлогтой аж. Ямар ч юманд хариуцлагатай ханддаг. Нямбай зан чанартай. Зорьсондоо хүрэх гэсэн маш их эрмэлзлэлтэй хүн юм.

-Зарим хүн хоёр гуравхан үсэг бичээд л орхичихдог. Иймэрхүү богино гарын үсэгтэй бол тэрээр ямагт шинийг сэдэж явдаг нэгэн аж. Харамсалтай нь, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй. Мөн тэрээр тэвчээргүй нэгэн ажээ. Ийм хүн дүрсхийсэн хурц зантай.

-Эхний үсгийг нь бусад үсгээс том бичиж, мутарладаг бол  энэ хүн маш их сэжигч бөгөөд юухнаас ч болов өө сэв эрдэг. Ойр дотныхон нь түүний нүдэнд өртөхөөс ч эмээдэг байна.

-Ороож угалзлуулан гоёмсог байдлаар гарын үсгээ бичдэг хүн их хөгжилтэй, гудиггүй нэгэн байх нь олонтаа. Тэд бусдыг хөгжөөхдөө гарамгай. Тэгсэн мөртлөө заримдаа дуугаа хураачихдаг талтай.

-Сунжруулан таталж гарын үсгээ зурдаг хүнийг их өгөөмөр сэтгэлтэй, найр наадамд дуртай хүн гэж ойлгоход болно.

-Гарын үсгээ зурчихаад хамгийн төгсгөлд нь сүүл маягийн урт зураас татдаг хүн бий. Түүнийг өөрийнхөөрөө мугуйдлан зүтгэдэг, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй нэгэн гэжээ.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа нэрийнхээ үсэг бүрийг өөр өөр тийш хазайлган налуулж, хайш яайш бичдэг. Ийм хүн өөрийн гэсэн байр суурьгүй, үзэл бодлоо байнга сольж өөрчилдөг нэгэн юм.

-Гарын үсэг биччихээд дээрээс нь элдэв янзын зураас тэмдэг мэтийг нэмж татдаг хүмүүс санамсаргүй байдлаар баяжих магадлалтай гэж. Тэр бүү хэл, гэнэтхэн ямар нэг албан тушаал ахиж ч мэднэ.

-Нэгэнт гарын үсгээ зурчихаад доод талаар нь урт зураас татдаг хүмүүс эрх мэдэлд дуртай гэнэ. Тэд өөрийнхөө давуу болон сул талаа маш сайн мэдэрч чаддаг байна.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа, гарын үсгээ баллаж байгаа мэт дээрээс нь хэд хэдэн ойлгомжгүй зураас нэмж татдаг. Ийм хүмүүс тун давгүй ажилсаг байх бөгөөд өөртөө маш өндөр шаардлага тавьж ажилладаг.

-Бичиж дууссан гарын үсгээ тойруулан дугуй хүрээ маягийн юм татдаг хүмүүс шаардлага тавихдаа муу бөгөөд хэзээ ч дарга болохгүй байх магадлалтай ажээ.

-Гарын үсгээ бичсэнийхээ дараа өмнө талд нь цэг тавьдаг хүн ямар ч юмыг сайтар эргэцүүлж бодох дуртай нэгэн.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа, нэрнийхээ сүүлд нь цэг тавьдаг. Ийм хүн сахилга батыг маш сайн сахихаас гадан дэг журамтай нэгэн юм.