Айл бүрийн гал тогоонд заавал байдаг зүйлийн нэг болох хүнсний содыг бид зөвхөн нарийн боов хийхдээ л ашигладаг гэтэл сод нь айл өрхийн эмийн санд зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг гэдгийг төдий л мэддэгүй. Энэ бодис үнэндээ маш олон талын ашигтай бөгөөд гэрийн эзэгтэй бидний гайхалтай туслах болж чадна. Тэгвэл содыг чухам яаж, юунд хэрэглэдгийг танд сонирхуулъя.
* Тээврийн хэрэгслээр явах үед танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. Нэг литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сод, нэг цайны халбага давс уусгаад таван минут тутамд нэг хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдах, шингэн алдах юм уу халуураад их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнээ хурдан нөхдөг.
* Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж эвгүй үнэр үүсдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж, үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зун цагт өглөө бүр содны уусмалаар суга, их хөлөрдөг хэсэгтээ арчвал биед ч тухтай.
* Нүд өвдсөн үед содны уусмалаа зөөлөн хөвөнд шингээгээд нүднийхээ гаднаас ойр ойрхон шавшиж цэвэрлэ. Гэхдээ нэг хөвөнгөөр нэг л удаа нүдээ арчих хэрэгтэйг анхаарна уу.
* Зүрх гэнэт хүчтэй дэлсэх үед цайны халбаганы хагасаар сод найруулж уухад зүрхний цохилт багасна.
* Даралт буулгах эм гарын дор байхгүй үед цайны халбаганы хагасаар сод найруулж уухад цусны даралт бага зэрэг бууна.
* Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад тэр дороо загатнахаа больж улайлт нь хурдан арилдаг.
* Содтой усаар утлага хийе гэвэл данханд нэг аяга ус, нэг цайны халбага сод хийж буцалга. Тэгээд данхны цоргонд цаасаар хоолой хийгээд түүгээрээ 10-15 минут амьсгална.
* Буйл үрэвссэн хэсэгхэн газар хуруугаараа содны зуурмаг түрхээд, шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч давхар цэвэрлэчихнэ. Хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амаа зайлж байвал шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг.
.* Ходоодны хямрал толгой өвдөх шалтгаан болдог. Ийм үед хөөрүүлсэн бүлээн сүүнд хоёр чимх сод хийгээд уухад л хангалттай.
* Эвэршсэн, ширүүн болчихсон тохойны арьсанд дараах арчилгаа хийгээрэй. Нэг литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч, эрүүл болдог.
* Их хөлөрч, чийг татдаг хөлтэй хүн өглөө, орой содтой усаар (нэг аяга усанд нэг цайны халбага сод найруулах) угаагаад шөнө нь уусмал шингээсэн хөвөнг хурууны завсарт хавчуулж хоноод өглөө нь дахиж содтой усаар угаагаад сайтар хатаа. Тэгвэл тэр өдөртөө л хөл тань хөлөрч, чийгтэхгүй гэж мэд.
* Мөөгөнцөртсөн хөлнийхөө хурууны завсар нэг хоолны халбага содоор зуурмаг түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаа. Сүүлчээр нь мөөгөнцөртсөн хэсэг дээр нь крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилж, эдгэрнэ.
* Хөхүүл ханиалга дарах сонгомол сайн аргуудын нэг бол содтой сүү уух. Хөөрүүлсэн сүүнд нэг халбага сод найруулаад унтахаасаа өмнө уучихад цэр сайн шингэрч хонодог.
* Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна. (Нэг стакан бүлээн усанд хоёр цайны халбага сод найруулна)
* Хамар битүүрэхэд содны уусмал дусаавал маш үр дүнтэй. Харин хамарнаас их шингэн гараад байвал өдөрт 2-3 удаа содны уусмалаар угаалга хийх хэрэгтэй.
Энгийн хүнсний сод олон эмгэг, зовиураас ангижруулах гайхалтай үр дүнтэй байдаг. Сайн гэрийн эзэгтэйн эмийн санд сод заавал байх ёстой зүйлүүдийн нэг юм.