Sunday, January 18, 2015

МОНГОЛ ГЭРИЙН БАРУУН УРД ТУУРГЫГ ГӨВДӨГГҮЙ

Үдийн цайны завсарлагад зориулав. Манай сургалтын хөтөлбөрийн монгол зан заншлын хичээлийн агуулгаас:

Монгол гэрийн эзэгтэй хүүхдээ төрүүлэхдээ гэрийнхээ баруун урд хэсэгт араг тэвэрч төрдөг байсан заншилтай. Аргийг байнга түлшээр дүүрэн байлгавал тухайн айлын голомт үргэлж гал шиг бадарч, өөдөө явахыг бэлгэдэхээс гадна үргэлж элбэг хангалуун амьдрахын утга учиртай юм. Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжихүйг, төрж байгаа хүүхэд нь гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохуйг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишиг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой юм. Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй. Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг.

Үүнтэй холбоотой нэгэн домог буй. Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн айлд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа арай л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж “Танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээж. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээв. Нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад “та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ. Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг тас хазчихжээ. Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод өнөөх хонио болиод хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэв. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгчээ. Тэр цагаас хойш тэр айл өөдлөн дэвжсээр маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ.

Иймийн учир өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслээ байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.

Буян Чойгийн хуудаснаас хуулбарлав.