Ээжүүддээ амалсан ёсоор хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл орчуулж орууллаа. Түмэнжаргалын Хулантахь
Тархины хоёр эсийг холбож мэдээлэл дамжуулдаг эдийг бүрэн хөгжүүлж өгдөг зүйлийг Синапис гэдэг. Энэ Синаписийн тоо хүүхэд төрснөөс нэг нас хүртэл маш хүчтэй нэмэгдээд гурван насандаа хамгийн оргилдоо хүрч түүнээс хойш бага багаар цөөрдөг. Тэгэхээр хүүхэд гурван нас хүртлээ тархиндаа хийсэн мэдээллийг мэдлэг болгож, хойшдын амьдралдаа суурь болгодог байна.
Идэвхтэй тоглох хийгээд сайн унтуулах нь тархийг сайн хөгжүүлдэг. Синаписын тоог нэмье гэвэл ТАРХИНД ӨДӨӨЛТ хийж эрчимтэй хурдан хөгжүүлэх боломжтой. Хуруугаа хөхөх, цаас урах, ямар нэгэн зүйл эргүүлэх, үсрэх гээд хүүхэд өөрөө санаачлан тоглож байгаа зүйлс нь хүүхдийн тархийг хөгжүүлэхэд маш сайн нөлөөтэй. Энэ үед эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол зурагт үзэж суугаа мэт зөвхөн харах биш ямар нэгэн мэдээлэл сонсоод хариу үйлдэл үзүүлж тоглох хэрэгтэй... Харилцан тоглох гэсэн үг.
Заримдаа байнга уулздаг хүмүүсээс нь өөр хүнтэй уулзуулж, амьтан харуул. Гадаа тоглох, байгаль дэлхийн өөрийнх нь бүтээсэн зүйлийг мэдрүүлэх зэрэг энгийн аргууд нь тархины бүтцийг сайжруулахад чухал үүрэг гүйцтгэдэг. Гэхдээ их хэмжээний өдөөлт болон мэдээлэл оруулсны хэрээр ухаантай болно гэж бүрэн найдаж болохгүй. Хүүхэд өөртөө авсан шинэ мэдээллээ унтаж байхдаа боловсруулан цэгнэж, суулгаж авдаг тул хүүхдийг унтах цагт нь сайн амраах хэрэгтэй. Унтуулахгүй л бол ухаан нэмэх гэсэн санаа бүтэхгүй. Тийм ч учраас дээр үеэс л хүүхдийг сайн унтуулаарай, тоглуул тоглуул гэж хэлдэг байж.
Токиогийн их сургуулийн багш Кэнтара Тага
Том хүний зүгээс харахад ямар ч утгагүй мэт харагдах тоглоомоор хүүхэд өөртөө л хөгжилтөй тоглож байвал үүнээсээ хүүхэд амьдралын утга учрыг ойлгож, өөртөө төрөл бүрийн чадал ухаан бий болгох сууриа тавьдаг. Мөн эцэг эхийн зүгээс хүүхэд хөгжилтөй гэж бодоод тоглож байгаа тоглоомыг нь улам дэмжиж, илүү сонирхолтой болгож өгөх хэрэгтэй. Ийм хайр мэдэрч өссөн хүүхдийн тархи илүү сэтгэж бодох чадвартай, бусад олон чадварт суралцаж өсдөг байна.
0-1 настай хүүхэд
Хоол идэхдээ сайн зажилж ид гэхийн оронд ээж нь өөрөө амаа том ангайгаад удаан зажилж тоглох замаар хүүхдэд зааж өг.
Сэтгэл хөдлөл оролцуулж харилцаарай. Жишээ нь, чанга инээх, гайхах, гомдсон царай гаргаж, магтахад баярлах гээд царайны хувирал гаргаж тогло.
Хүүхдийнхээ ярьж буй зүйл, үйл хөдлөлд тааруулж харилцвал танай гэр бүлийн холбоо улам гүнзгийрэх болно.
Хоёр настай хүүхэд
Идэвхтэй хөдөлж байдаг, чимээгүй анхаарлаа төвлөрүүлж суудаг хоёр өөр төрлийн газар бэлдэж өгөөрэй.
Хуруунуудынх нь мэдрэмжийг сайжруулах жижиг зүйл барьж, эвлүүлж угсрах тоглоом болон хүүхдээ заримдаа гайхшируулах, нуугдаж тоглох зэрэг нь тархины эсийн хөгжлийг эрчимтэй дэмжиж өгнө.
3-5 настай хүүхэд
Хүүхдийнхээ найзын тоог нэмж, хүнтэй харьцах харилцааг сайжруул.
Тоглоомуудаас өөрөө сонгох боломж бүрдүүлэхийн тулд олон төрлөөр бэлдвэл тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө тааруулж тоглох сайн талтай.
Ганцааранг нь үлдээж зурагтай ном үзүүлэхээс илүү аав ээж нь хамт үзэж ярилцах хэрэгтэй. Огторгуйгаар аялахуйн ном, эмч болох тоглоом, айл гэр болж тогло. Гол нь тоглоомоор дамжуулан шинэ найзтай болж, хүнтэй харилцаж сурах үндэс тавигддаг.
Эцэст нь, хүүхдүүд хоорондоо муудалцвал тэр үед нь хэрүүл хийсэн найзуудыг нэг зэрэг суулгаж байгаад ярилцах хэрэгтэй. Дараа нь, сайндахыг зөвлө. Ингэснээр хүүхэд бусдыг уучилж чаддаг, өөрийн буруутай үйлдэлд уучлал гуйж чаддаг болох юм.
Шова их сургуулийн багш Харуяа