Сая Хоолны газар өлсөөд орлоо. Хоёр бууз, нэг өндөгтэй хуурга, аарц захиалаад сууж байтал хоол маань ч ирэв. Бууз бол ОК, харин өндөгтэй хуурга нь саяхан халаасан бололтой зарим хэсэгтээ хөрчихсөн, удсан маягийн... Би өөрөө их хоол голдог хүн, хэд халбагадаад л больчихлоо. Тэгээд буцааж өгөх санаатай тавагтай нь бариад боссон чинь цаана сууж байсан тааруу хувцастай нэг ядарсан ах
-Миний дүү, ахдаа өгчих гэж байна. Тэгмэгч л зөөгч нар түүнийг их ад үзсэн янзтай "Гуйлгачин чинь буцалсан ус гуйж уучихаад зүгээр гарахгүй хүний хоол руу өлөн нүдээ унагаагаад..." гэж ирээд л загнах юм. Би эвгүй санагдаад бушуухан аваачиж өгчихөөд нэмж таван бууз аваад идэж суув. Тэгээд нөгөө ах руу эргээд харсан чинь халааснаасаа 10 төгрөгийн үрчгэр гялгар уут гаргаж ирээд өөрөө ч идсэнгүй, уутандаа нөгөөх хуургыг бүгдийг нь хийчихлээ, зайлуул. Тэгээд жаахан сууж байгаад дулаацсан бололтой гараад явчихав. Би ч буузаа идэж дуусгаад цайгаа уучихаад гарсан үүдэнд зогсож байна аа. Нэг хөл нь гэмтээд удсан бололтой, таягтай юм. Ууттай хуургаа нэг гартаа барьж, нөгөө гартаа таягаа тулчихсан тэр ах намайг хараад "Баярлалаа миний дүү" гэв. Би ч зүгээр ээ, та өөрөө идэхгүй яагаав гэж асуусан чинь.
-Ахыг нь гэрт гурван нялх хүүхэд хүлээж байгаа. Хоолгүй болчихоод ямар сайндаа гуанзнаас хүний идсэн, уусан юм царайчилж сууна гэлээ. Тэндээс холдож явахдаа нэг л эвгүй санагдаад болдоггүй. Миний голоод хаях гэж байсан хоол энэ хүний гурван жаахан хүүхдээ тэжээх нэг өдрийн ам мөлтөс ч хүнс болж байх гэж. Ийм хүмүүс Монголд хаа сайгүй байна. Тэд хэнд ч дараа бололгүй тэрүүхэн тэндээ болгосоор л, болгосоор л... 10... 20 жил ингэж хэцүү амьдрал дунд чимээгүй явсаар байна. Энэ хүн шиг мянга мянга, магадгүй зуун мянган хүн өглөө бүр сэрээд бодсон зүйл нь Өнөөдөр юу идэх билээ, юу түлж дулаацах вэ гэдэг бодол байгаа... Хажуу айлын таван настай хүүхэд ээж аав нь "Xbox360" авч өгсөнгүй хэмээн уйлагнаж байхад хэдэн км цаана байдаг өөр нэг хүүхэд өглөө найман цагт -30 хэмийн хүйтэнд түлэх мод, идэх хоолоо хайхаар гарч алхаж байна. Тэр хүүхдэд "Xbox" хэрэггүй. Зүгээр л...
Хүмүүсээ ядарсан нэгэндээ тусалж байгаарай. Таны бяцхан тус тэр хүмүүсийн амьдралыг 1, 2 магадгүй 10 өдөр гэрэлтүүлэх байх.
Фэйсбүүкээс.