Монголчууд нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр, нар
шингэснээс ургах хүртэлх хугацааг шөнө, энэ хоёр хугацааг нэг хоног гэх
бөгөөд өдөр шөнийн зургаан цаг гэж тоолдог. “Монгол зурхайн цаг хугацааг
хэмжих охор хэмжээ нь идэр залуу эрийн инчдэх хугацааг жаран тав
хуваагаад, нэг эгшин хэмээгээд, зуун хорин эгшин нь нэг мөч бөгөөд тэр
жарыг нэг чинлүүр, нэг чинлүүр нь нэг өдөр гэж тоолоод гучин өдөр нь нэг
сар болно, арвар хоёр сар нь нэг жил хэмээн мэд” хэмээн дорны сарны
тооллын сударт дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эрүүл хүн 4 секундэнд нэг
бүтэн амьсгал авдаг бөгөөд 360 амьсгалыг нэг мөч гэдэг. Хоногт 21600
амьсгал буюу 12 цаг 60 мөч болдог тул одоогийн 2 цаг нь нэг цаг болдог.
Монгол зурхайг ухаанд цагийг арван хоёр жилийн нэрээр нэрлэж тоолдог
уламжлалтай. Үүнтэй уялдуулан аль цагт төрснөөр нь хүний шинж төрхийг
тодорхойлдог.
Хулгана цаг- (23.40-01.40) шөнө дөл төрсөн хүн хишиг ихтэй, хаашаа одно, олд олох, шударга зөөлөн ааштай, нөхөрсөг нэгэн.
Үхэр цаг-(01.40-03.40) шөнө дөл дэлбийх хойно төрсөн бол үг шударга шулуун зантай, амны хишигтэй, ах дүүдээ өлзийтэй.
Бар цаг-(03.40-05.40) гэгээ шарлахад төрсөэ бол хишиг их, бэлэг түргэн, хүний үг үл авах, зөрүүд зантай хүн болно.
Туулай цаг-(05.40-07.40) үүр цайхад төрсөн бол олонд хүндлэгдсэн алдар нэрийг олох, элбэг баян дээд суудалд сууна.
Луу цаг- (07.40-09.40) нар мандахад төрсөн бол идэх өмсөх нь элбэг, олз олох боломж гарах нь хямд.
Могой цаг- (09.40-11.40) нар хөөрөх үед төрсөн бол ааш зан сайн боловч өчүүхэн зүйлд гомдох, бэр хүргэндээ үл хүндэтгэгдэнэ.
Морь цаг- (11.40-13.40) үд дунд төрсөн бол ааш зан сайн, царай зүс гуа, ураг төрөлдөө хүндлэгдэх, аав, ээждээ өлзийтэй.
Хонь
цаг- (13.40-15.40) үд хэвийхэд төрсөн бол ааш сайн, төр ёсыг мэдэх,
хишиг ихтэй, өөрийн дураар явагч, бусдын үгийг үл дагагч.
Бич цаг- (15.40-17.40) нар гудайхын өмнө төрсөн бол ухаан билиг төгөлдөр, ааш зан түргэн, үйл амгалан сайн.
Тахиа цаг- (17.40-19.40) нар жаргахад төрсөн бол амьдралын зам мөр нь сайн явах бөгөөд урт настай болох.
Нохой цаг- (19.40-21.40) үдэш бүхийд төрсөн бол өчүүхэн төдийн шунахай сэтгэлтэй, өчүүхэн төдийг зовлонд шантрах.
Гахай
цаг- (21.40-23.40) харуй бүрий болох үед төрсөн бол идэх өмсөх элбэг,
хууль цааз мэдэх цэцэн мэргэн үг хэллэгтэй болно хэмээн заасан байдаг.