Хар усны Боржигон Номч овогт Даваасүрэнгийн Батболдын "Баянхонгор нутгийн уул усны тахилгын судар" хэмээх номоос
Урьд цагт "Арван буяны бэлгэ чанар идэр дэлгэр" хэмээх сайн шинж төгс газар сонгон шилж, хүрээ хийд орд харшаа барьж байсны нэгэн жишээ бол хүчит дөрвөн савдаг эзэн бүхий тойрсон дөрвөн уул, урсгал цэнгэг уст Туул, Сэлбэ голын сүлжээнд өглөө наран эрт мандаж, оройн наран удтал ил байх эдүгээх манай улсын нийслэл Улаанбаатар хотын байрлаж буй газар мөн билээ.
Энэхүү "Арван буяны бэлгэ чанар дэлгэрсэн" газрын шинж нь юу вэ гэвээс,
1.Хот балгадын байшин барилгад хэрэглэх элс шороо хийгээд үржил шимт шороон хөрсний хоёр зүйл буян,
2.Оршин суух хүмүүсийн уух ундааны сайн ус хийгээд тариалангийн газар, хот дундуур татаж авчрах усны хоёр зүйл буян,
3.Ойрын хөдөө буюу хот доторх агч ургамлын хийгээд холын хөдөө аглагт агч ургамлын хоёр зүйл буян,
4.Байшин барилгад хэрэглэх модны болон оршин суугчдын түлш модны хоёр зүйл буян,
5.Байшин барилгад хэрэглэх чулуу тоосго хийгээд айл гэрт хэрэглэх тулга голомт, тээрмийн чулууны хоёр зүйл буян.
Ийнхүү хоёр хоёроор "Арван буяны дэлгэрсэн газар" хэмээх дээд сайн шинж болой...
Жич: Энэ газрыг Алтан тэвшийн хөндий гэж нэртэй юм. Дээр цагт нутагчин гэж мэргэшил байжээ. Нутагчид эхлээд нутаг ус шинжих бөгөөд бас түүхий мах хаяад хэд хоноод эргэн ирж шинждэг гэнэм. Улаанбаатар хот байгаа энэ алтан тэвшийн хөндийг яг дээрх байдлаар шинжээд ламын хүрээ байхад таарах газар гэж үзжээ. Анхнаасаа л Богдыг дагасаар нүүж ирсэн хүрээ өргөө юм билээ.