Monday, December 1, 2014

Түмэн зүйлийн тустай Хүнсний Сод

Айл бүрийн гал тогоонд заавал байдаг зүйлийн нэг болох хүнсний содыг бид зөвхөн нарийн боов хийхдээ л ашигладаг гэтэл сод нь айл өрхийн эмийн санд зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг гэдгийг төдий л мэддэгүй. Энэ бодис үнэндээ маш олон талын ашигтай бөгөөд гэрийн эзэгтэй бидний гайхалтай туслах болж чадна. Тэгвэл содыг чухам яаж, юунд хэрэглэдгийг танд сонирхуулъя.
* Тээврийн хэрэгслээр явах үед танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. Нэг литр буцалсан бүлээн усанд тал цайны халбага сод, нэг цайны халбага давс уусгаад таван минут тутамд нэг хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдах, шингэн алдах юм уу халуураад их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнээ хурдан нөхдөг.
* Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж эвгүй үнэр үүсдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж, үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зун цагт өглөө бүр содны уусмалаар суга, их хөлөрдөг хэсэгтээ арчвал биед ч тухтай.
* Нүд өвдсөн үед содны уусмалаа зөөлөн хөвөнд шингээгээд нүднийхээ гаднаас ойр ойрхон шавшиж цэвэрлэ. Гэхдээ нэг хөвөнгөөр нэг л удаа нүдээ арчих хэрэгтэйг анхаарна уу.
* Зүрх гэнэт хүчтэй дэлсэх үед цайны халбаганы хагасаар сод найруулж уухад зүрхний цохилт багасна.
* Даралт буулгах эм гарын дор байхгүй үед цайны халбаганы хагасаар сод найруулж уухад цусны даралт бага зэрэг бууна.
* Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад тэр дороо загатнахаа больж улайлт нь хурдан арилдаг.
* Содтой усаар утлага хийе гэвэл данханд нэг аяга ус, нэг цайны халбага сод хийж буцалга. Тэгээд данхны цоргонд цаасаар хоолой хийгээд түүгээрээ 10-15 минут амьсгална.
* Буйл үрэвссэн хэсэгхэн газар хуруугаараа содны зуурмаг түрхээд, шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч давхар цэвэрлэчихнэ. Хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амаа зайлж байвал шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг.
.* Ходоодны хямрал толгой өвдөх шалтгаан болдог. Ийм үед хөөрүүлсэн бүлээн сүүнд хоёр чимх сод хийгээд уухад л хангалттай.
* Эвэршсэн, ширүүн болчихсон тохойны арьсанд дараах арчилгаа хийгээрэй. Нэг литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч, эрүүл болдог.
* Их хөлөрч, чийг татдаг хөлтэй хүн өглөө, орой содтой усаар (нэг аяга усанд нэг цайны халбага сод найруулах) угаагаад шөнө нь уусмал шингээсэн хөвөнг хурууны завсарт хавчуулж хоноод өглөө нь дахиж содтой усаар угаагаад сайтар хатаа. Тэгвэл тэр өдөртөө л хөл тань хөлөрч, чийгтэхгүй гэж мэд.
* Мөөгөнцөртсөн хөлнийхөө хурууны завсар нэг хоолны халбага содоор зуурмаг түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаа. Сүүлчээр нь мөөгөнцөртсөн хэсэг дээр нь крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилж, эдгэрнэ.
* Хөхүүл ханиалга дарах сонгомол сайн аргуудын нэг бол содтой сүү уух. Хөөрүүлсэн сүүнд нэг халбага сод найруулаад унтахаасаа өмнө уучихад цэр сайн шингэрч хонодог.
* Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна. (Нэг стакан бүлээн усанд хоёр цайны халбага сод найруулна)
* Хамар битүүрэхэд содны уусмал дусаавал маш үр дүнтэй. Харин хамарнаас их шингэн гараад байвал өдөрт 2-3 удаа содны уусмалаар угаалга хийх хэрэгтэй.
Энгийн хүнсний сод олон эмгэг, зовиураас ангижруулах гайхалтай үр дүнтэй байдаг. Сайн гэрийн эзэгтэйн эмийн санд сод заавал байх ёстой зүйлүүдийн нэг юм.

Friday, November 28, 2014

Австралид гэр бүлээрээ сурцгаая - хамгийн сайхан боломж

SVP ангилал гэж юу вэ??

Австрали улсын Боловсролын яамнаас дэлхийн нийт улс орнуудыг таван зэрэглэлд хуваадаг. Уг зэрэглэлийг тухайн улс орны эдийн засаг, ДНБ болон хүн амын тоог харгалзан тогтоосон байгаа. Манай Монгол улс энэ зэрэглэлд гуравдугаарт ордог юм. Хэрэв та Австралид хэлний бэлтгэл, дунд сургууль болон дипломтой коллежид суралцах хүсэлтэй бол "Аssessment level 3" буюу банкны баталгаа, гурван сар виз хүлээх, визний татгалзах өндөр магадлал гэхчлэн олон бэрхшээлтэй тулгарна. Одоо ч ийм байгаа юм. Тэгвэл SVP буюу "Streamlined Visa Рrocessing" бол Австрали улсад суралцагчдад хамгийн тааламжтай нөхцөлөөр дардаг визний ангилал. SVP анхлан 573 болон 574 ангиллын буюу Их сургуулийн бакалавр, мастер болон докторын зэрэгт суралцагчдад зориулж хэрэгжиж эхэлсэн байдаг.

SVP ангиллын визний давуу талууд:

1. Банкны баталгаа шаардахгүй. /БАЙХГҮЙ/
2. Визээ гурван сар биш 21 хоногийн хугацаанд даруулна.
3. Хэрэв цаад сургууль хүлээн зөвшөөрч урилга өгсөн л бол в
изний татгалзах магадлал бараг ТЭГ хувь. Зарим тохиолдолд эрүүл мэндээрээ тэнцэхгүй бол визнээс татгалздаг.
4. Гэр бүлийн бүх гишүүн тухайн хүнийхээ визэнд багтаад Австрали руу хамт явах боломжтойгоос гадна гэр бүлийн хүн нь бүтэн цагаар ажиллах, хүүхдүүдээ  Австралийн дунд сургууль болон бусад сургуульд суралцуулах боломжтой.
5. Таны хүсэлтийг "Assessment level 1" түвшнээр авч хэлэлцэх буюу Монгол улсын иргэн АНУ, Англи, Сингапур, Канад гэх мэт
бусад хөгжингүй орны иргэдтэй ижил түвшинд визээ шийдүүлнэ. 

572 ангиллын виз гэж юу вэ??

Харин 572 ангиллын визний хувьд 2014 оны арваннэгдүгээр сарын 23-наас өмнө SVP ангилалд огт багтдаггүй байсан бол дээрх өдрөөс эхлэн SVP ангилалд багтах болсон. Тэгэхээр оюутнуудад дараах давуу тал бий болгож байна.

Үүнд:
1. Банкны баталгаа шаардахгүй.
2. Гэр бүлээрээ Австрали явж болно.
3. Их сургуулийн нэг жилийн төлбөр дунджаар 18'000-20'000 доллар байдаг хэдий ч 572 ангилалтай бол 6000-10000 долларын хооронд төлбөр төлнө. Өөрөөр хэлбэл төлбөр шууд хоёр дахин бага гэсэн үг.
4. Хэлний оноо байхгүй ч гэлээ эхлээд хэлний бэлтгэлд суух боломжтой. Тэр тохиолдолд танд хямдхан хэлний бэлтгэлийн коллеж олдоно. Үүний төлбөр нэг долоо хоногийн хэлний бэлтгэлийн төлбөрөөс даруй 150-200 доллараар хямд.

Ингээд нөгөө 50 хувь, 70 хувь гээд сурталчлаад байдаг сайхан тэтгэлэг чинь визний өөрчлөлтөөс болоод л хүн бүрт нээлттэй боломж болчихлоо шүү дээ. "ICMA" компани энэ чиглэлийн виз сонирхож, хамгийн хямд зардлаар, гэр бүлээрээ Австралид суралцахыг хүссэн бүх гэр бүлд туслахаар ямар ч төлбөргүй зуучилж байгаа.

Баярлалаа. 


Манай хаяг: Баянгол дүүрэгт хуучнаар ХИД-2 /Варьета чуулгын ард/ худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд төмөр замын 20 дугаар сургуулийн хажуугийн "Шинэ Эрин" сургуулийн нэгдүгээр давхарт байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл, АНДУУД-ын баруун урд руу Төмөр замын орон сууцнуудын голд байдаг сургуульд.

Thursday, November 27, 2014

Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье!

/Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна шүү/
“Аяга тавгаа өрж хонуулбал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж, аав минь сургадаг байж билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй. Харин ч хүүхдэд багаас нь болох, болохгүйг мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилго чамгүй агуулсан байдаг аж. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.

1. Зан төлөв, харилцаа
• Худал хэлдэггүй
• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
• Ахмад хүний дээд талд суудаггүй
• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
• Хүний өмнүүр орж ярьдаггүй
• Зочны өмнүүр гүйдэггүй
• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
• Хүний толгой, малгайд хүрдэггүй
• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй

2. Эмх цэгц • Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний ам онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Өглөө ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
• Авдрын таг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтэхгүй)

3. Хооллолт
• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
• Буруу харж хоол иддэггүй
• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)

4. Эрүүл ахуй
• Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)
• Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)
• Зуухны үүдэнд хогтой хонодоггүй
• Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй (эмэгтэй хүн зовно)
• Орой усанд явдаггүй
• Эмэгтэй хүн завилж суудаггүй
• Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)
• Амаараа тургидаггүй (бороо орно)

 5. Эд юмстай харьцах
• Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)
• Хаалга савдаггүй (муу ёр)
• Хаалга алдалдаггүй (олзны үүд хаана)
• Тотгоноос зүүгддэггүй
• Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)
• Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)
• Давс асгадаггүй (гай тохиолдоно)
• Аяга харшуулдаггүй (хэрүүл ирнэ)
• Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)
• Угаасан хувцсаа гадаа хонуулдаггүй (муу юм шүглэнэ)
• Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)
• Малгайгаа буруу харуулж өмсдөггүй (нас барсан хүн дээр ингэж ордог)
• Уурган дээгүүр гишгэдэггүй

 6. Осол гэмтлээс сэргийлэх
• Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)
• Бороо ороход хаалга голлож суудаггүй (аянганд цохиулна)
• Тулга тойрч гүйж, харайдаггүй
• Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй
• Галаар тоглодоггүй
• Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй
• Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй
• Унинаас зүүгддэггүй
• Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)

7. Байгальтай харьцах
• Амьтан, хорхой шавж алдаггүй (нүгэл болно)
• Газар шороо хөндөж сүйтгэдэггүй (эзэн савдаг хилэгнэнэ)
• Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)
• Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)
• Гал руу сонгины хальс хийдэггүй (малын нүд өвдөнө)
• Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй (лус хилэгнэнэ)

Share хийн цааш тараагаарай.

Saturday, November 8, 2014

Хоёрхон сартай үрээ хүйтэн орцонд хаяад явжээ

   Өчигдөр 12:00 цагийн орчим Дархан сумын тавдугаар багийн 20-ийн долдугаар байрны орцонд хоёр сартай хүүг эх нь орхиод явсныг олжээ. Хүүхэд уйлах чимээнээр орцны жижүүр дээш гартал хоёрдугаар давхрын шалан дээр өлгийтэй хүүхэд байсан гэнэ. Хүүхдийг олсон эмэгтэй цагдаад дуудлага өгчээ. Цагдаа, сумын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн нийгмийн ажилтан хамтарч өдрийн 16:00 цаг хүртэл хүүгийн эхийг хайсан байна. Тэд ээжийг нь олоогүй учир эрүүл мэндийн байдал болоод төрсөн хугацааг нь тодруулахаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүг аваачжээ. Ээлжинд гарч байсан их эмч Ч.Ишжамц хүүд үзлэг хийгээд хамар нь бага зэрэг битүүрч, нойрондоо муу байгааг эс тооцвол ямар нэгэн суурь өвчингүй эрүүл, хэвийн өсөлттэй гэж. Эмч нарын ажигласнаар хүүхэд хоёр сар гаруй хугацаанд ямар нэг сүү орлуулагч хэрэглэлгүй зөвхөн хөхөөөрөө хооллож байсан аж. Хүүгийн эхийг одоогоор олоогүй байгаа тул эмнэлэгт түр байлгаж, хүүхдээ сахиж буй хөхүүл эхчүүд ээлжлэн хөхүүлэн хооллож байгаа. Мөн нийгмийн ажилтнууд ээлжлэн асарч буй гэнэ.
Нийгмийн ажилтнууд ээлжлэн асарч байна.

Эмнэлэгт байгаа хөхүүл эхчүүд хүүг хооллож байгаа.

Өдийг хүртэл сүү орлуулагч огт хэрэглээгүй, зөвхөн хөхөөр хооллосон гэхээр...

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод энэ хэрэг болжээ.

Хүүгийн эхийг хайсан боловч олоогүй.

Wednesday, November 5, 2014

Бизнес сургааль

Хичээл 1
Эхнэр нь шүршүүрээс гарангуут нөхөр нь зөрж орох үед хаалганы хонх дуугарав. Эхнэр нь алчуураар биеэ ороогоод хаалга нээхэд хажуу айлын хөрш залуу зогсч байв. Эхнэртэй нь мэндэлж, гэнэт санал тавьсан нь “Хэрэв алчуураа авч нүцгэн биеэ харуулах юм бол чамд 100 доллар өгнө” гэлээ. Эхнэр хором зуур бодолхийлж алчуураа авч эхээс төрсөн биеэ үзүүлэв. Хөрш нь амласан ёсоор халааснаасаа 100 доллар гаргаж өгөөд одлоо. Хаалгаа хаагаад эргэтэл нөхөр нь шүршүүрээс чангаар “Хэн ирсэн бэ?” гэхэд эхнэр нь “Хажуу айлын залуу чамайг асуугаад явлаа” хэмээн жуумалзав. Гэтэл нөхөр нь “Өө, цаадах чинь надаас зээлсэн 100 долларын талаар юм хэлсэнгүй юу?” гэж.
Сургааль – Бизнесийн хамтрагч нартаа олгосон зээлийнхээ тухай мэдээлэл өгч бай, үгүй бол элдэв асуудал гарч болзошгүй.
Хичээл 2
Ламтан зам дагуу явж байсан гэлэнмаад машинд нь сууж дөхөхийг санал болгов. Гэлэнмаа хажуугийн суудалд суух үед хормой нь сөхөгдөж гуя нь ил гарч. Ламтан анхаарал алдаж огцом эргэлт дээр осол гаргахаа шахсан ч гэлэнмаа үл анзаарчээ. Ламтан араа солих үед санамсаргүй гуянд нь гараа хүргэчихэв. Гэлэнмаа “Гэгээн эцэг минь та 129 дүгээр ишлэлийг мэднэ биз дээ” гэхэд ламтан санаа зовж гараа татаж авлаа. Сүмд ч ирж, гэлэнмаа бууж, ламтан Библиэ гаргаж ирээд 129 дүгээр ишлэлийг хайж харвал “Улам цааш нь зүтгэ, зүтгэл гаргаснаар аз жаргалд хүрэх болно” гэсэн байжээ.
Сургааль – Ажлаа сайн мэдэхгүй бол чиний өмнүүр олон боломж өнгөрч алдагдах болно.
Хичээл 3
Цайны цаг. Нарийн бичиг, менежер, босс гурав ажлын өрөөнөөсөө гарч яваад шидэт дэнлүү олжээ. Дотроос нь бэрд гарч ирээд тус бүрийнх нь нэг нэг хүслийг биелүүлэхээр амлаж. Нарийн бичиг тэвчээр алдан “Би, би хамгийн түрүүнд шүү. Миний хүсэл бол Хавай арал дээр очоод сайхан залуутай танилцах” гэтэл  –Пшш...– бүсгүй алга болчихов. Менежер нь сандарч “Би тэрбумтан болоод энэ бүсгүйн араас очмоор байна” хэмээхэд –Пшш...– гээд мөн л алга болоод өгөв. Гэтэл дарга нь “Наад хоёроо цайны цаг дуусангуут буцаагаад аваад ирээрэй, үдээс хойш хийх ажил их байна” гэсэн хүсэл хэллээ.
Сургааль – Хамгийн түрүүнд даргын саналыг сонсч бай.
Хичээл 4
Туулай дэвхэрч байгаад модны орой дээр бүргэд сууж байхыг хараад “Та юу хийж байгаа юм бэ?” гэв. Бүргэд “Юу ч хийлгүй, зүгээр л сууж байна” хэмээн хариуллаа. Туулай “Би ч гэсэн тантай адил зүгээр сууж болох уу” гэхэд “Тэг тэг, болохгүй юу байх вэ” гэж бүргэд хэлэв. Туулай ч модон доор нь суугаад, дээшээ харж, амарч хэвтлээ. Гэтэл модны цаанаас үнэг гэнэт гарч ирээд туулайг бариад идчихжээ.
Сургааль – Юу ч хийлгүй, зүгээр суухын тулд их өндөрт гарахгүй бол аюултай.
Хичээл 5
Сул дорой цацагт хяруул өөрт оногдсон тавиландаа гутарч гомдоллодог байж. Баавгай түүнд тэжээл, эрдэс ихтэй өөрийн бааснаас идэхийг санал болголоо. Цацагт хяруул баавгайн баас идээд хүч орж, тамир нь сэргээд том модны орой дээр гарч суужээ. Гэтэл анчин түүнийг олж хараад буудаж унагав.
Сургааль – Бохир аргаар оргилд гарч болох ч тэнд удаан тогтох баталгаа болохгүй.
Хичээл 6
Намар оройхон нэг бяцхан шувуу нүүдэллэн нисч байтал даараад газар унажээ. Бээрчихсэн хэвтэж байтал дэргэдүүр нь явсан гахай санамсаргүй дээр нь бааж орхив. Бялзуухай өмхий үнэрт нь бүтэж үхэхээ шахсан боловч халуун баасны илчинд дулаацаж сэхээ авчээ. Дахиад нисч чадахуйц болсон шувуухай баярласандаа жиргэж эхлэхэд тэр хавьд явсан муур түүнийг сонсоод баасан дундаас гаргаж аваад идчихэж гэнэ.
Сургааль – Чамайг баасаар бохирдуулсан болгон дайсан биш ч бааснаас гаргасан болгон найз ч биш. Хэрэв амьдрал чинь өөдөлж, сайжирсан бол бүү онгир.

Tuesday, October 28, 2014

Гурван хүүхдийн ходоод баярлуулах ганц уут хуурга


Сая Хоолны газар өлсөөд орлоо. Хоёр бууз, нэг өндөгтэй хуурга, аарц захиалаад сууж байтал хоол маань ч ирэв. Бууз бол ОК, харин өндөгтэй хуурга нь саяхан халаасан бололтой зарим хэсэгтээ хөрчихсөн, удсан маягийн... Би өөрөө их хоол голдог хүн, хэд халбагадаад л больчихлоо. Тэгээд буцааж өгөх санаатай тавагтай нь бариад боссон чинь цаана сууж байсан тааруу хувцастай нэг ядарсан ах


-Миний дүү, ахдаа өгчих гэж байна. Тэгмэгч л зөөгч нар түүнийг их ад үзсэн янзтай "Гуйлгачин чинь буцалсан ус гуйж уучихаад зүгээр гарахгүй хүний хоол руу өлөн нүдээ унагаагаад..." гэж ирээд л загнах юм. Би эвгүй санагдаад бушуухан аваачиж өгчихөөд нэмж таван бууз аваад идэж суув. Тэгээд нөгөө ах руу эргээд харсан чинь халааснаасаа 10 төгрөгийн үрчгэр гялгар уут гаргаж ирээд өөрөө ч идсэнгүй, уутандаа нөгөөх хуургыг бүгдийг нь хийчихлээ, зайлуул. Тэгээд жаахан сууж байгаад дулаацсан бололтой гараад явчихав. Би ч буузаа идэж дуусгаад цайгаа уучихаад гарсан үүдэнд зогсож байна аа. Нэг хөл нь гэмтээд удсан бололтой, таягтай юм. Ууттай хуургаа нэг гартаа барьж, нөгөө гартаа таягаа тулчихсан тэр ах намайг хараад "Баярлалаа миний дүү" гэв. Би ч зүгээр ээ, та өөрөө идэхгүй яагаав гэж асуусан чинь.

-Ахыг нь гэрт гурван нялх хүүхэд хүлээж байгаа. Хоолгүй болчихоод ямар сайндаа гуанзнаас хүний идсэн, уусан юм царайчилж сууна гэлээ. Тэндээс холдож явахдаа нэг л эвгүй санагдаад болдоггүй. Миний голоод хаях гэж байсан хоол энэ хүний гурван жаахан хүүхдээ тэжээх нэг өдрийн ам мөлтөс ч хүнс болж байх гэж. Ийм хүмүүс Монголд хаа сайгүй байна. Тэд хэнд ч дараа бололгүй тэрүүхэн тэндээ болгосоор л, болгосоор л... 10... 20 жил ингэж хэцүү амьдрал дунд чимээгүй явсаар байна. Энэ хүн шиг мянга мянга, магадгүй зуун мянган хүн өглөө бүр сэрээд бодсон зүйл нь Өнөөдөр юу идэх билээ, юу түлж дулаацах вэ гэдэг бодол байгаа... Хажуу айлын таван настай хүүхэд ээж аав нь "Xbox360" авч өгсөнгүй хэмээн уйлагнаж байхад хэдэн км цаана байдаг өөр нэг хүүхэд өглөө найман цагт -30 хэмийн хүйтэнд түлэх мод, идэх хоолоо хайхаар гарч алхаж байна. Тэр хүүхдэд "Xbox" хэрэггүй. Зүгээр л...

Хүмүүсээ ядарсан нэгэндээ тусалж байгаарай. Таны бяцхан тус тэр хүмүүсийн амьдралыг 1, 2 магадгүй 10 өдөр гэрэлтүүлэх байх.

Фэйсбүүкээс.

Thursday, October 23, 2014

БЯЦХАН ЗУЛЗАГАА ЗӨВ ХҮН БОЛГОХ ЗӨВЛӨГӨӨ

Ээжүүддээ амалсан ёсоор хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл орчуулж орууллаа. Түмэнжаргалын Хулантахь

Тархины хоёр эсийг холбож мэдээлэл дамжуулдаг эдийг бүрэн хөгжүүлж өгдөг зүйлийг Синапис гэдэг. Энэ Синаписийн тоо хүүхэд төрснөөс нэг нас хүртэл маш хүчтэй нэмэгдээд гурван насандаа хамгийн оргилдоо хүрч түүнээс хойш бага багаар цөөрдөг. Тэгэхээр хүүхэд гурван нас хүртлээ тархиндаа хийсэн мэдээллийг мэдлэг болгож, хойшдын амьдралдаа суурь болгодог байна.
Идэвхтэй тоглох хийгээд сайн унтуулах нь тархийг сайн хөгжүүлдэг. Синаписын тоог нэмье гэвэл ТАРХИНД ӨДӨӨЛТ хийж эрчимтэй хурдан хөгжүүлэх боломжтой. Хуруугаа хөхөх, цаас урах, ямар нэгэн зүйл эргүүлэх, үсрэх гээд хүүхэд өөрөө санаачлан тоглож байгаа зүйлс нь хүүхдийн тархийг хөгжүүлэхэд маш сайн нөлөөтэй. Энэ үед эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол зурагт үзэж суугаа мэт зөвхөн харах биш ямар нэгэн мэдээлэл сонсоод хариу үйлдэл үзүүлж тоглох хэрэгтэй... Харилцан тоглох гэсэн үг.
Заримдаа байнга уулздаг хүмүүсээс нь өөр хүнтэй уулзуулж, амьтан харуул. Гадаа тоглох, байгаль дэлхийн өөрийнх нь бүтээсэн зүйлийг мэдрүүлэх зэрэг энгийн аргууд нь тархины бүтцийг сайжруулахад чухал үүрэг гүйцтгэдэг. Гэхдээ их хэмжээний өдөөлт болон мэдээлэл оруулсны хэрээр ухаантай болно гэж бүрэн найдаж болохгүй. Хүүхэд өөртөө авсан шинэ мэдээллээ унтаж байхдаа боловсруулан цэгнэж, суулгаж авдаг тул хүүхдийг унтах цагт нь сайн амраах хэрэгтэй. Унтуулахгүй л бол ухаан нэмэх гэсэн санаа бүтэхгүй. Тийм ч учраас дээр үеэс л хүүхдийг сайн унтуулаарай, тоглуул тоглуул гэж хэлдэг байж.
Токиогийн их сургуулийн багш Кэнтара Тага
Том хүний зүгээс харахад ямар ч утгагүй мэт харагдах тоглоомоор хүүхэд өөртөө л хөгжилтөй тоглож байвал үүнээсээ хүүхэд амьдралын утга учрыг ойлгож, өөртөө төрөл бүрийн чадал ухаан бий болгох сууриа тавьдаг. Мөн эцэг эхийн зүгээс хүүхэд хөгжилтөй гэж бодоод тоглож байгаа тоглоомыг нь улам дэмжиж, илүү сонирхолтой болгож өгөх хэрэгтэй. Ийм хайр мэдэрч өссөн хүүхдийн тархи илүү сэтгэж бодох чадвартай, бусад олон чадварт суралцаж өсдөг байна.
0-1 настай хүүхэд
Хоол идэхдээ сайн зажилж ид гэхийн оронд ээж нь өөрөө амаа том ангайгаад удаан зажилж тоглох замаар хүүхдэд зааж өг.
Сэтгэл хөдлөл оролцуулж харилцаарай. Жишээ нь, чанга инээх, гайхах, гомдсон царай гаргаж, магтахад баярлах гээд царайны хувирал гаргаж тогло.
Хүүхдийнхээ ярьж буй зүйл, үйл хөдлөлд тааруулж харилцвал танай гэр бүлийн холбоо улам гүнзгийрэх болно.
Хоёр настай хүүхэд
Идэвхтэй хөдөлж байдаг, чимээгүй анхаарлаа төвлөрүүлж суудаг хоёр өөр төрлийн газар бэлдэж өгөөрэй.
Хуруунуудынх нь мэдрэмжийг сайжруулах жижиг зүйл барьж, эвлүүлж угсрах тоглоом болон хүүхдээ заримдаа гайхшируулах, нуугдаж тоглох зэрэг нь тархины эсийн хөгжлийг эрчимтэй дэмжиж өгнө.
3-5 настай хүүхэд 
Хүүхдийнхээ найзын тоог нэмж, хүнтэй харьцах харилцааг сайжруул.
Тоглоомуудаас өөрөө сонгох боломж бүрдүүлэхийн тулд олон төрлөөр бэлдвэл тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө тааруулж тоглох сайн талтай.
Ганцааранг нь үлдээж зурагтай ном үзүүлэхээс илүү аав ээж нь хамт үзэж ярилцах хэрэгтэй. Огторгуйгаар аялахуйн ном, эмч болох тоглоом, айл гэр болж тогло. Гол нь тоглоомоор дамжуулан шинэ найзтай болж, хүнтэй харилцаж сурах үндэс тавигддаг.
Эцэст нь, хүүхдүүд хоорондоо муудалцвал тэр үед нь хэрүүл хийсэн найзуудыг нэг зэрэг суулгаж байгаад ярилцах хэрэгтэй. Дараа нь, сайндахыг зөвлө. Ингэснээр хүүхэд бусдыг уучилж чаддаг, өөрийн буруутай үйлдэлд уучлал гуйж чаддаг болох юм.
Шова их сургуулийн багш Харуяа

Sunday, October 19, 2014

Харвардын их сургуулийг хахуулиар төгсдөггүй

Сая Ерөнxийлөгчийн фэйсбүүк пэйжийг үзэж байгаад Xарвардын төгсөлтийн баярын зургийн дор дипломыг нь xудалдаад авсан мэт, xэдэн кг алт олж өгөөд xаxуульдаад төгсдөг барьдаг гэсэн ядмагxан сэтгэxүйтэй комментууд
АНУ-ын Боулдер хотын Колорадогийн их сургуулийн Эдийн засгийн институтыг онц төгсөөд Харвардын их сургуульд бүрэн тэтгэлэгтэй суралцаж, Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ.
уншаад үнэндээ буxимдлаа. Xэзээ ч, бүр xэзээ ч дэлxийн том сургуулиудын дипломыг xудалдаж авдаг гэсэн ойлголт байдаггүй юм. Манай Монгол шиг тийм этикгүй, ёс зүйгүй газар байдаггүй. Яаxав Xарвардад xандив өгөөд ороx тоxиолдол бий. Гэxдээ л xүн өөрөө сурч, xичээж, xөдөлмөрлөж байж төгсдөг юм. Монгол шиг xэдэн эрxлэгч, заxирал, багшийг нь найраад, xаxуульдаад, танилаараа яриулаад диплом авдаг тийм ядуу тарчиг, бэлэн, арчаагүй юм xэзээ ч байдаггүй юм аа. Бид өөрсдөө бэлэнчлэx сэтгэлгээтэй, тэгээд дээрээс нь xөдөлмөрлөсөн нэгнээ бэлнээр олсон мэт ярьж шүүмжлэx нь xэрээс xэтэрлээ. Harvard Alumni (төгсөгчид) гээд гүүглээс xайгаад үзээрэй. Манай Ерөнxийлөгчийн нэр байдаг юм, үнэнээсээ. Жааxан юм уншиж, үздэг юм бол Xарвардад тавьсан илтгэл нь xүртэл байгаа. Бид нэг нэгэндээ xудал мэдээллийг үнэн мэт ярьж оюун уxааны xалдварт өвчин, вирус тараамааргүй байна.
Японд гуталчин бол гуталчин л байдаг, цагчин хүн цагчин л байдаг. Нэг xүн нэг юмаа маш сайн эзэмшиж тэрийгээ ягштал сайн xийж байж салбар салбарт аxиц гарч улс орон xөгжсөн түүхэн жишээ зөвxөн Японд ч биш дэлxийн xөгжилтэй бүx оронд бий. Гэтэл Монголчууд бид бүгдээрээ мундаг философич, нийгэм эдийн засаг судлаач, улс төрч болж xувирчээ. Ингэxдээ дандаа xудал мэдээллээр тарxиа тэжээсэн байдаг нь яасан иx xарамсал, эмгэнэлтэй хэрэг вэ!
Бэлэнчлэx сэтгэлгээ гэдэг арай л дэндүү. Би нэг "Apple"-ийн бүтээгдэxүүн зарж байгаа уxаантай онлайн шоп, пэйж нээсэн юм. Маш иx цаг гаргаж барааны танилцуулгаас өгсүүлээд яаж заxиалгаа өгөx дүрэм журам, үнэ xөлс гэx мэт бүгдийг тов тодорxой бичээд, байршуулаад байxад л "Xэд вэ? Заxиалгаа яаж өгөx вэ? Монгол мөнгөөр xэд болох уу?" (Долларыг өнөөдрийн xаншаар Монгол мөнгө рүү xөрвүүлж л чадаxгүй байна гэж үү дээ!) гээд л.
Дэвэн дэлxийн юмыг xаман бичсэндээ уйчлал гуйя. Нийгмийн иxэнx нь ийм байна гэж бодоxгүй байгаа, гэвч бас л... Тэртээ тэргүй 10 тэнэгт нэг л уxаантан байxад xүний нийгэм урагшилдаг гэж нэрт философич xэлсэн байдаг. Тиймээс бас уxаантай, боловсролтой, мэдлэгтэй, xөдөлмөрч залуус олон болж байгаа учир гайгүй ч юм болов уу даа!
Мөнхжин Отгонбаатар

Tuesday, October 7, 2014

Улаанбаатар: Арван буян дэлгэрсэн Алтан тэвшийн хөндий

Хар усны Боржигон Номч овогт Даваасүрэнгийн Батболдын "Баянхонгор нутгийн уул усны тахилгын судар" хэмээх номоос

Урьд цагт "Арван буяны бэлгэ чанар идэр дэлгэр" хэмээх сайн шинж төгс газар сонгон шилж, хүрээ хийд орд харшаа барьж байсны нэгэн жишээ бол хүчит дөрвөн савдаг эзэн бүхий тойрсон дөрвөн уул, урсгал цэнгэг уст Туул, Сэлбэ голын сүлжээнд өглөө наран эрт мандаж, оройн наран удтал ил байх эдүгээх манай улсын нийслэл Улаанбаатар хотын байрлаж буй газар мөн билээ.


Энэхүү "Арван буяны бэлгэ чанар дэлгэрсэн" газрын шинж нь юу вэ гэвээс,
1.Хот балгадын байшин барилгад хэрэглэх элс шороо хийгээд үржил шимт шороон хөрсний хоёр зүйл буян,
2.Оршин суух хүмүүсийн уух ундааны сайн ус хийгээд тариалангийн газар, хот дундуур татаж авчрах усны хоёр зүйл буян,
3.Ойрын хөдөө буюу хот доторх агч ургамлын хийгээд холын хөдөө аглагт агч ургамлын хоёр зүйл буян,
4.Байшин барилгад хэрэглэх модны болон оршин суугчдын түлш модны хоёр зүйл буян,
5.Байшин барилгад хэрэглэх чулуу тоосго хийгээд айл гэрт хэрэглэх тулга голомт, тээрмийн чулууны хоёр зүйл буян.



Ийнхүү хоёр хоёроор "Арван буяны дэлгэрсэн газар" хэмээх дээд сайн шинж болой...


Жич: Энэ газрыг Алтан тэвшийн хөндий гэж нэртэй юм. Дээр цагт нутагчин гэж мэргэшил байжээ. Нутагчид эхлээд нутаг ус шинжих бөгөөд бас түүхий мах хаяад хэд хоноод эргэн ирж шинждэг гэнэм. Улаанбаатар хот байгаа энэ алтан тэвшийн хөндийг яг дээрх байдлаар шинжээд ламын хүрээ байхад таарах газар гэж үзжээ. Анхнаасаа л Богдыг дагасаар нүүж ирсэн хүрээ өргөө юм билээ.

Sunday, October 5, 2014

Шинэ барааны чийгнээс хамгаалдаг шилэн үрэл-Silica Gel


Цахиур желе буюу Silica gel гэж гутал, цүнх, зарим төрлийн хувцас гэх мэт янз бүрийн шинэ бүтээгдэхүүн худалдан авахад дотор нь байдаг 2, 3 см хэмжээтэй цаасан ууттай жижигхэн үрэлнүүдийг хэлдэг. Энэ жижигхэн тунгалаг үрэлнүүд нь чийгийг маш сайн шингээдэг онцгой шинж чанартай тул хаяхаа түр азнаарай.

"Битгий ид" ХАТААГЧ Цахиур желе
Холхон хая "Битгий ид" ХАТААГЧ
1.Гэрэл зургийн аппаратны цан арилгах

Усны хамгаалалттай гэрэл зургийн аппарат бол үнэхээр гайхалтай зүйл. Гэвч заримдаа аппаратныхаа дуранг цантсан хэвээр нь орхисноор асуудал үүсдэг. Тиймээс аппаратныхаа гэрэнд нэг юм уу хоёр уут  үрэл хийчих. Аппаратны доторх чийгийг маш сайн шингээнэ.

2.Норсон гар утас хатаах

Санамсаргүйгээр гар утсаа усанд унагах тохиолдол маш их байдаг. Тэгвэл аль болох түргэн батерей болон картыг нь утаснаасаа салгаж аваад норсон гар утсаа ууттай үрэлнүүд дунд хийгээрэй. Цахиур желе байхгүй бол цагаан будаа ч гайгүй сайн шингээгч болж чаддаг.

3.Электрон хэрэгсэл цантахаас хамгаалах 

Хүйтэнд гадаа авч явсан камер чинь дулаан газар ороод цантчих нь элбэг. Энэ тохиолдолд батерей, карт, дурангаа салгаж тавиад цахиур желетэй саванд аппарат, камераа хийчих.
 
4.Сахлын хутгаа удаан ашиглах 

Ус чийг болон агаарын нөлөөгөөр сахлын хутганы ир цагаасаа өмнө мохоход хүргэдэг. Тиймээс сахлын хутгаа 4-5 уут цахиур желетэй, тагтай хуванцар саванд хийж хадгалаарай.

5.Нүүрний энгэсэг болон аяллын цүнх

Хэрвээ та аяллын болон гоо сайхны хуурай бүтээгдэхүүнийхээ цүнхэнд ганц хоёр уут цахиур желе хийчихвэл чийгнээс айлтгүй.

6.Даавууг хуурай хадгалах

Хэрвээ та юм оёх дуртай, гар урлал хийдэг бол даавуунуудаа цахилгаан товчтой даавуун уут эсвэл нийлэг цүнхэнд хийгээд дунд нь хэд хэдэн уут цахиур желе хийчих.

7.Аяллын чийгтэй хувцас

Бид аялал зугаалгаар явах үед усанд сэлэх нь гарцаагүй. Амралт дуусах хүртэл усанд тоглоно гэдэг бол гайхалтай ч явах цаг болох үед нойтон, чийгтэй хувцсаа цүнх, чемодандаа хийх болдог. Энэ тохиолдолд чийгтэй хувцсаа цахиур желенүүдтэй хамт хийвэл илүүдэл чийгийг нь шингээнэ. Мэдээж хэрэг цахиур желе нь их байх тусам сайн.

8.Гэрэл зурагнуудаа хамгаалах

Гэрэл зурагнууд хадгалдаг хайрцгандаа цахиур желе хийчихвэл зураг чинь хуурай, найдвартай хадгалагдана гэдэгт итгээрэй.

9.Мөнгөн эдлэлээ хамгаалах

Ер нь, чийг гэдэг мөнгөн болон бусад үнэт эдлэлийн өнгө зүсэнд сөргөөр нөлөөлдөг. Үнэт эдлэлийнхээ хайрцганд ганц уут цахиур желе хийчихвэл санаа зовох нь багасна.

10.Ачаа тээшээ хуурай хадгалах

Гадаа бороо орж байхад цүнхтэй хувцас болон бусад ачаа тээш чийгтэй болчихдог. Харин хэд хэдэн уут цахиур желе байгаа тохиолдолд чийгнээс айх явдалгүй.

11.Цэцэрлэгжүүлэлт

Ирэх жил тарихаар төлөвлөж байгаа үрнүүд чинь хөгцөрчихсөн байх вий. Ийм таагүй зүйлтэй тулгарахгүйн тулд үрнүүдээ төрөл бүрээр нь жижигхэн дугтуйнд хийгээд хэдэн уут цахиур желетэй хамт агаар нэвтэрдэггүй саванд хадгал.
 
12.Эм шахмал болон витаминууд

Хуурай хүнс, эм, витамины саванд цахиур желе байхыг та харж байсан биз. Энэ нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хуурай, хөгцрөхгүй, муудахгүй хадгалахад тустай. Тэдгээрийг цахиур желетэй нь хамт байлгавал бүтээгдэхүүний шинэхэн байдал удаан хадгалагдахад тус болно.

13.Бичиг баримт хадгалах

Хувийн чухал бичиг баримтаа хаа ч хадгалдаг байсан хэдэн уут цахиур желетэй хийсэн нь дээр.

14.Цэцэгс

Нэг хэсэг охид цэцгийн хатаамал хийдэг байсан даа. Том болсон ч цэцгийн хатаамал хийх дуртай хэвээрээ л байна уу. Тийм бол цэцгийн хатаамлуудаа хоёр уут цахиур желетэй хамт хадгалаарай.

15.Цонх

Цонхны чинь завсарт цан үүсээд байгаа бол завсарт нь цахиур желе хийгээрэй.

16.Тэжээвэр амьтны хоол

Тэжээвэр амьтныхаа хоолыг их хэмжээгээр авсан тохиолдолд уг хоол чийгтэй даах нь элбэг. Тиймээс уутных нь ёроолд 2-3 уут цахиур желе хийчих. Харин амьтнаа хооллохдоо цахиур желег хамт өгөхөөс болгоомжлоорой. 

17.Салхины шил цантах

Машиндаа хэдэн уут цахиур желе тавьчих, ялангуяа хянах самбар дээрээ. Чийгшил ихтэй үед энэ нь салхины шил цантахгүй байхад тусалдаг.

Зөвлөгөө: Хэрвээ цахиур желе чинь үүргээ гүйцэтгэж чадахгүй байх шиг санагдвал жигнэмэгний цаасан дээр тавиад 40 хэм халаасан шарах шүүгээнд нэг цаг байлгахад чийгнээс хамгаалах, хуурай шинж чанар нь сэргэнэ. Мөн цахиур желегээ ашиглахгүй байх үедээ орчны чийгнээс хамгаалж, агаар нэвтэрдэггүй саванд хийх хэрэгтэй шүү. Мэдээж хэрэг энэ бүтээгдэхүүнийг идэж болохгүй тул балчир хүүхдүүдэд сануулж, шаардлагатай тохиолдолд гар нь хүрэхгүй газар хадгалвал дээр.

Friday, October 3, 2014

УИХ-ын гишүүдийн гар утасны дугаар

Ардчилсан тогтолцоонд шилжиж, эрх чөлөөний төлөөх үзэл санаагаар нэгдсэн монголчуудын хувьд төлөөллийн ардчиллыг эрхэмлэж төрд өөрийгөө төлөөлүүлэн тойргийн шугамаар 76 хүн сонгодог /Хожим пропорцианаль тогтолцоо нэмэгдсэн/ билээ. Тэгвэл эх захгүй амлалтынхаа хариуд эрх мэдлээр шагнуулсан УИХ-ын ЭРХЭМ гишүүдэд бид хууль ёсны дагуу шаардлага тавьж, үгээ хэлж байх бүрэн эрхтэй. ДЭЭДСҮҮДэд үгээ хүргэх олон арга замын ердөө ганц, хялбар нь гар утас, ажлын өрөөний утсаар нь холбогдох явдал юм. Хэрэгтэй үедээ иргэний үүрэг, сонгогчийн эрхээ эдлэх боломжтой. 

Улсын Их Хурал гэдэг иргэдийн төлөөллийн байгууллага болохоос биш эрх мэдэлтэй төрчихсөн дарга нарын цоморлиг биш.
 

С.Зориг агсны хэрэг илрэх үү - 10 баримт

С.Зоригийн аллагатай холбоотой 10 чухал баримтаас харахад энэ хэргийг маш өндөр эрх мэдэлтэй хүмүүс зохион байгуулсан нь тодорхой харагддаг юм. Ингэж чадах тийм ч олон хүн байхгүйг та мэдэж байгаа биз ээ. Ингээд цуст арван баримтын талаар үзэл бодлоо хуваалцацгаая.
1.Хэргийн газарт анх очиж Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний энэ үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.

2.С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлох гээд цонхоор унасан болж, энэ хэрэг хаагдсан. Гадны нөлөөтэй байх магадлал өндөр байснаас л сэжигтэн шалгасан нь тодорхой байдаг. Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.

3.Хоёр алуурчныг байрнаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” гэж нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байна. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харсан гэдэг.

4.Дээр дурдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр өнөөх “Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх хүн нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан аж. Гэвч Дарханд хөлдөж үхсэн байжээ. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон.

5.Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлуулж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт анзаарагддаг. Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөч хүртэл “Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэж байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг хэлсэн байдаг.

6.Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алуулсан хэрэг гарсан. Түүний шулуун гэдэс /анус/ рүү тосон бал чихэх зэргээр тамлаж хөнөөсөн гэдэг. Бүр хожим энэ цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон юм.

7.Хэрэг гарах үед Хууль зүйн сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотны нөхөр нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байжээ.

8.Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгээр амь насаа алдсан. Түүнийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй олон нийт андуурдаг тал бий.

9.Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн л сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж мэднэ гэж үздэг.

10.Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн тохиолдол байсан уу, эсвэл...
Ямартай ч энэ хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүсийн амь нас туйлын хэврэг байсныг дээрхээс харж болно. Хэргийн улбаа улам бүдгэрсээр...

Хоёрдугаар дайнаас 2500 хүүхдийн амь аварсан эмэгтэй

Саяхан Ирина Сэндлэр хэмээх эмэгтэй 98 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Ирина Дэлхийн 2-р дайны үед Варшавын хорих лагерт сантехникч- гагнуурчины үүрэг гүйцэтгэдэг байжээ. Түүнд үүнийг хийх "далд шалтгаан" байсан юм. Тэрээр багажныхаа цүнхний ёроолд хорих лагераас хүүхэд авч гардаг байв. Мөн жижиг ачааны тэрэгнийхээ нь хойно хүүдийтэй, тэндээ арай томхон хүүхдүүдийг суулгадаг байж. Хаалгаар оруулж гаргах, харуулын дэргэдүүр
өнгөрөхдөө хүүхдүүдийн гаргаж болзошгүй чимээг нуухын тулд тэндээ бас нэг нохой авч явж хуцуулдаг. Цэргүүд мэдээж нохойтой зууралдахыг хүсэхгүй. Ирина энэ үйл хэргийнхээ явцад 2500 хүүхдийг хорих лагераас авч гарснаар тэдний амийг аварсан юм. Нэг удаа баригдаж фашистууд түүнийг харгислан зодож, хөл гарыг нь хугалсан боловч тэр амь гарч чадсан. Ирина өөрийн гаргаж авсан хүүхдүүдийн нэрсийг жагсаан тэмдэглэсэн ба тэмдэглэлээ шилэн саванд хийгээд байшингийнхаа хойд талын хашаанд модон дор хадгалдаг байж. Тэрээр дайн дууссаны дараа амьд үлдсэн байж болох эцэг эхчүүдийг нь олж гэр бүлүүдийг нэгтгэхийг хүсч хайсан боловч ихэнх нь хийн камерт амь алдсан байсан гэнэ. Түүний тусалсан хүүхдүүд асрамжийн газруудад тараагдаж, зарим нь айлд өргөгдсөн байжээ. Өнгөрсөн жил Ирина Сэндлэр, Нобелийн Энхийн шагналд нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Түүний оронд Эл Гор - Дэлхийн дулаарлын талаарх слайд шоугаар авсан. Харин энэ жил Барак Обама сонгуулийн өмнөх амлалтаараа тэр шагналыг авлаа. 

Энэ захиаг танд хүргэж би өөрийн бяцхан зүтгэлийг оруулж буй юм, таныг ч мөн тэгнэ хэмээн найдъя. Дэлхийн 2-р дайн дууссан өдрөөс хойш 65 жил өнгөрчээ. Энэ цахим захидал дайнд амь үрэгдэж, буудуулсан, хүчиндүүлсэн, шатаагдсан, өлсгөлөнд нэрвэгдсэн, доромжлогдон гутаагдсан хэдэн арван сая хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн гинжин холбоо. Энэ цахим захидал - дурсгалын гинжин холбооны бяцхан хэсэг болж дэлхий даяар тараахад тус болоорой. 

Like & Share.

( Орчуулсан З. Мандухай.)

Аав болоод юу өөрчлөгддөг вэ


Би ганц охин, гурван хүүтэй. Мэдээж охиндоо амь. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би охиноо хэдэн удаа шөнөөр хуурайлснаа санадаггүй юм. Өөдсийн чинээ ганц юмыг ээж нь гялалзуулсан хэрэг л дээ...


Би гурамсалж гөрсөн сур шиг, галын улаан дөл шиг, монгол үндэстний бүх цаг үеийн түүхийг үүрч, хатуугаас нөмөрлөж, хайр хишгээ өгсөн Алтай, Хангай, Хэнтий нурууд шиг гурван ихэр хүүгийн ААВ.

Би цалингүй, урамшуулал бонусгүй, ээлжийн амралтгүй, долоо хоног 24 цагаар аавын ажил хийдэг. Хөвгүүдээ төрснөөс хойш би хэлээ зажилж, аяархан найтааж, яаруу сандруу сүү найруулж, найзууддаа "Үгүй!" гэж хэлж, зам дээр зарим ****** гаруудад буулт хийж, "амперс аварч" ... сурсан

Би кинотеатрт "Баяртай!" гэж хэлсэн

Би бага иддэг жижиг тэрэг унаж, аяллын үүргэвчээ харанхуй өрөөндөө хийсэн.

Гэртээ ажил хийнэ гэдэг үлгэрийн далай гэдгийг ойлгодог болсон.

Би зулзагануудаа өвдөж нурмайгаад чимээгүй байснаас, хашгичаад чихэнд чийр болж байхад дуртай. Орж гарахдаа гар хоосон, бие хөнгөн явах тавилангүй, амандаа юм зуухаас наагуур илжиг төрхөнд орж харагдахаас, энд тэнд явахад хүн амьтны эвэртэй туулай үзсэн харцнаас ичихгүй. Учир нь энэ бүхэн намайг яаж өөрчилж байгааг би мэднэ. Би тэр өөдөсхөн амьтдын амнаас гарах "Аав аа!" гэх надад томдсон алдрыг сонсоно!

БИ ААВ

Сандарсан үед хэрэг болох утасны дугаарууд

Тvргэн тусламж 103
Онцгой байдал - 105
Гал команд - 101
СБД-ийн хүүхдийн түргэн - 350793
"Сүхбаатар" Эрүүл мэндийн нэгдэл - 350793
ЧД-ийн хүүхдийн түргэн -  70110279
Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл - 70110716, 70110279, 70117162, 70110286, 357069
БГД-ийн хүүхдийн түргэн -  362539
Баянгол эрүүл мэндийн нэгдэл - 365239
БЗД-ийн хүүхдийн түргэн - 70150052
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл - 70150052
СХД-ийн хүүхдийн түргэн - 685065
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг - 631895
Сонгино Хайрхан Эрүүл Мэндийн Нэгдэл - 681475
ХУД-ийн хүүхдийн түргэн - 341003
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг - 99902529, 379247
Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл - 342003, 342493
Багахангай дүүргийн хүн эмнэлэг - 99240419, 99821126, 99746984, 99988216
Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл - 20290, 22903
Хувийн түргэн - 1971
Халдвартын түргэн - 100
Түлэнхийн төв - 70135032
Хордлогын үндэсний төв - 450097
Клиникийн 1-р амаржих газар - 70111416, 70111417
Клиникийн 2-р амаржих газар - 321451, 324495
Клиникийн 3-р амаржих газар - 70164401, 70164406, 70169075
Улсын клиникийн төв эмнэлэг - 323372
Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг - 70150299, 70150300, 70150308
Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг - 687889, 687886, 687901, 687903
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв - 70150513, 70150522, 454489, 70155633
Гэмтэл согог судлалын үндэсний төв - 70180130, 70180131, 70180132
ДОХ-той тэмцэх үндэсний төв - 321659
Халдварт өвчин судлалын үндэсний төв - 451143, 458699, 451158
Цусны төв - 312857, 326504
Шүүх эмнэлэг - 70113414
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЭМГ - 70162084, 70163225, 70163226
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /хуучнаар ЭНЭШТ/ - 362633, 362644, 362648, 362655, 362672
Төмөр замын нэгдсэн эмнэлэг - 244969, 244951, 244953
Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь  - 70150498
Сэргээн засалтын үндэсний төв - 70135515
Гэмтэл согог сэргээн засалтын клиникийн эмнэлэг - 70180136
Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг - 366617, 99112755
Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв - 70110761, 324949
Нийслэлийн байгалийн гамшгаас  хамгаалах анги - 343585
Нийслэлийн эрүүл мэндийн газар - 1893,320981, 70110500
Улаан тууз эмнэлэг - 450867, 458787
Шүд Эрүү Нүүрний Эмгэг Судлалын Төв - 325731
Сэргээн засах клиник эмнэлэг - 342414, 342449
Наркологийн эмнэлэг - 633985
Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төв - 103, 70120103
Энэрэл эмнэлэг - 70135007
Эрүүл мэндийн яам - 51-263913

Төрсөн цагаар нь хүнийг шинжихүй

Монголчууд нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр, нар шингэснээс ургах хүртэлх хугацааг шөнө, энэ хоёр хугацааг нэг хоног гэх бөгөөд өдөр шөнийн зургаан цаг гэж тоолдог. “Монгол зурхайн цаг хугацааг хэмжих охор хэмжээ нь идэр залуу эрийн инчдэх хугацааг жаран тав хуваагаад, нэг эгшин хэмээгээд, зуун хорин эгшин нь нэг мөч бөгөөд тэр жарыг нэг чинлүүр, нэг чинлүүр нь нэг өдөр гэж тоолоод гучин өдөр нь нэг сар болно, арвар хоёр сар нь нэг жил хэмээн мэд” хэмээн дорны сарны тооллын сударт дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эрүүл хүн 4 секундэнд нэг бүтэн амьсгал авдаг бөгөөд 360 амьсгалыг нэг мөч гэдэг. Хоногт 21600 амьсгал буюу 12 цаг 60 мөч болдог тул одоогийн 2 цаг нь нэг цаг болдог. Монгол зурхайг ухаанд цагийг арван хоёр жилийн нэрээр нэрлэж тоолдог уламжлалтай. Үүнтэй уялдуулан аль цагт төрснөөр нь хүний шинж төрхийг тодорхойлдог.


Хулгана цаг- (23.40-01.40) шөнө дөл төрсөн хүн хишиг ихтэй, хаашаа одно, олд олох, шударга зөөлөн ааштай, нөхөрсөг нэгэн.


Үхэр цаг-(01.40-03.40) шөнө дөл дэлбийх хойно төрсөн бол үг шударга шулуун зантай, амны хишигтэй, ах дүүдээ өлзийтэй.


Бар цаг-(03.40-05.40) гэгээ шарлахад төрсөэ бол хишиг их, бэлэг түргэн, хүний үг үл авах, зөрүүд зантай хүн болно.


Туулай цаг-(05.40-07.40) үүр цайхад төрсөн бол олонд хүндлэгдсэн алдар нэрийг олох, элбэг баян дээд суудалд сууна.


Луу цаг- (07.40-09.40) нар мандахад төрсөн бол идэх өмсөх нь элбэг, олз олох боломж гарах нь хямд.


Могой цаг- (09.40-11.40) нар хөөрөх үед төрсөн бол ааш зан сайн боловч өчүүхэн зүйлд гомдох, бэр хүргэндээ үл хүндэтгэгдэнэ.


Морь цаг- (11.40-13.40) үд дунд төрсөн бол  ааш зан сайн, царай зүс гуа, ураг төрөлдөө хүндлэгдэх, аав, ээждээ өлзийтэй.


Хонь цаг- (13.40-15.40) үд хэвийхэд төрсөн бол ааш сайн, төр ёсыг мэдэх, хишиг ихтэй, өөрийн дураар явагч, бусдын үгийг үл дагагч.


Бич цаг- (15.40-17.40) нар гудайхын өмнө төрсөн бол ухаан билиг төгөлдөр, ааш зан түргэн, үйл амгалан сайн.


Тахиа цаг- (17.40-19.40) нар жаргахад төрсөн бол амьдралын зам мөр нь сайн явах бөгөөд урт настай болох.


Нохой цаг- (19.40-21.40) үдэш бүхийд төрсөн бол өчүүхэн төдийн шунахай сэтгэлтэй, өчүүхэн төдийг зовлонд шантрах.


Гахай цаг- (21.40-23.40) харуй бүрий болох үед төрсөн бол идэх өмсөх элбэг, хууль цааз мэдэх цэцэн мэргэн үг хэллэгтэй болно хэмээн заасан байдаг.

Нөхрийг нь Ухна, эхнэрийг Ямаа гэдэг тийм айл Дорноговьд байдаг

Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байцаагч ажилтай Н.Хүрэлбаатар 1996 оноос хойш хүний нэр цуглуулж эхэлсэн байна. Анх Багабанди Ерөнхийлөгчийг сонгогдоход Томбанди нэртэй хүн байдаг болов уу хэмээн сонирхож үзсэнээс түүний нэр цуглуулах хобби эхэлжээ. Тэрээр нэг удаа шилжиж ирсэн хүнээс "Хэн билээ" гээд асуужээ. Дуугарсангүй, дахиад асуухад бичиг баримтаа өгч. Уншаад үз гэсэн чинь Хэнбилээ гэдэг нэртэй хүн байсан төдийгүй шилжүүлсэн хүн нь Хэнмэдэхэв гэдэг нэртэй байж таарсан нь түүний сонин содон нэр цуглуулах ажлыг улам зугаатай болгож өгчээ. Монголд 40 мянга орчим нэр бий. Үүний дундаас өвөрмөц содон нэр мянга гаруй байдаг аж.

Эрхтэний нэртэй хүмүүс:
Бөөр, Хамар, Алаг нүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай.

Хоол ундны нэртэй:
Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс.

Үйл үг орсон нэртэй:
Энэхайчив, Байв, Боль.

Өгүүлбэрийн шинжтэй:
Майгарав, Биирлээ, Хэнмэдэхэв, Отгонбиз, Дүүдагуул, Хүндөргүүл.

Тааруухан нэртэй:
Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Шалбааг, Чалчаа.

Аятайхан нэртэй:
Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан.

Овог нэр нь хоёулаа содон нэртэнгүүд:
Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэ-гийн Нэргүй.

Ах дүүсээрээ содон нэртэнгүүд:
Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан. Бормагнай, Боргилмагнай, Бэхмагнай, Бэрхмагнай, Түмэнмагнай.

Нэг гэр бүлийн содон нэртэнгүүд:
Цагаанхүү Ягаанхүү гэдэг эхнэр нөхөр хоёр байна. Дорноговь аймагт нөхрийг нь Ухна, эхнэрийг Ямаа гэх айл бий. Мөн Хэнчбиш, Мэдэхгүй гэсэн эхнэр нөхөр хоёр байдаг аж.

Яаралтай түргэн тусламжийн төв 103-т нягтлан хийдэг Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар- хамгийн урт нэртэй.

Зөвхөн Монгол үг орсон урт нэртэнгүүд:
Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Энхтөгөлдөрбаясгалан, Найманзууннандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг.

Богино нэртэнгүүд:
Аз, Оч, Од, Үр, Иш, Яа.

Өвчин ороохоос сэргийлж өгсөн нэр:
Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол гэх мэт байдаг гэнэ.

Түүнчлэн, Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

Монголд хамгийн их байдаг нэрнүүд:
Oюун-чимэг 13,198.00
Aлтан-цэцэг 13,170.00
Энх-туяа 11,994.00
Бат-баяр 11,498.00
Эрдэнэ-чимэг 11,374.00
Болормаа 11,144.00
Ган-болд 11,083.00
Отгон-баяр 11,080.00
Бат-эрдэнэ 10,862.00
Наран-цэцэг 10,805.00
Лхагва-сүрэн 10,611.00
Оюун-цэцэг 10,466.00
Ган-баатар 10,359.00
Баяр-сайхан 10,181.00
Наран-туяа 9,877.00
Ган-зориг 9,726.00
Бат-жаргал 9,443.00
Нэргүй 9,443.00
Энх-жаргал 9,426.00
Бат-сайхан 9,059.00